Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Удирдлага мэдээллийн тасаг
Нэгдсэн эмнэлгийн Удирдлага мэдээллийн тасаг нь 2000 оны 4-р сарын 1-ний өдөр Удирдлага мэдээлэл хангамжийн тасгаас тусгаарлан эмнэлгийн “Удирдлага зохион байгуулалт, дэмжих үйлчилгээ”-ний тасаг болон зохион байгуулагдсан. Тухайн үед Нэгдсэн эмнэлгийн даргаар анагаах ухааны магистр, клиникийн профессор Баатарын Пүрэвээ, Эмнэлэг эрхэлсэн орлогч даргаар анагаах ухааны магистр клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Магсаржаламын Батсайхан, Хүн хүч, сургалт эрхэлсэн дэд даргаар Ёндонжамцын Сүнжидмаа, Санхүү аж ахуй эрхэлсэн орлогч бөгөөд ерөнхий санхүүчээр Дашдондогийн Эрдэнэжаргал, Чанарын менежерээр анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Бямбасүрэнгийн Энхбилэг, ерөнхий сувилагчаар Гомбожавын Амаржаргал нарын удирдлагын багийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа.
Одоо манай тасагт Удирдлагын баг харьяалагдахаас гадна
- Чанар аюулгүй байдал, халдвараас сэргийлэх хяналтын алба
- Хүний нөөц, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ сургалтын алба
- Сувилахуйн алба
- Санхүү эдийн засаг, аж ахуйн алба
- Инженер техник, цахим бүртгэл, даатгалын алба
- Дотоод хяналт, аудитын алба гэсэн албадтай.
Мөн удирдлага мэдээллийн тасаг нь
- Нэгдсэн эмнэлгийн эмийн сан
- Даатгал статистикийн хэсэг
- Цусны салбар төв
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж
- Сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
- Хуулийн зөвлөх
- Архив бичиг хэрэг гэсэн хэсэг нэгжүүдийг агуулсан чиг үүргийн бүтэц зохион байгуулалттай ажиллаж байна.
Удирдлага мэдээллийн тасаг нь их эмч 16, сувилагч тусгай мэргэжилтэн 10, нягтлан бодогч дөрөв, нярав хоёр, архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан хоёр, сэтгэлзүйч нэг, сургалт судалгаа зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн нэг, тоног төхөөрөмжийн инженер гурав, мэдээлэл технологийн инженер хоёр, цахилгааны инженер хоёр, хүчилтөрөгчийн инженер дөрөв, мужаан нэг, сантехникийн инженер дөрөв гэсэн орон тоотой. Үүнээс клиникийн профессор гурав, тэргүүлэх зэргийн эмч гурав, ахлах зэрэгтэй эмч нэг, тэргүүлэх зэрэгтэй сувилагч нэг, ахлах зэрэгтэй тусгай мэргэжилтэн зургаа ажиллаж байна.
2000 оноос Удирдлага мэдээллийн тасгийн эрхлэгчээр Ё.Сүнжидмаа, Ш.Даваахүү, Ж.Мөнхбаяр, ахлах сувилагчаар Б.Нүрмээ, Д.Дэлгэрмөрөн, Ц.Ариунаа, С.Содномбямба, Б.Баасандулам, Х.Намжилмаа, Д.Лхагвачулуун нар ажиллаж байжээ.

Одоо тус тасгийн эрхлэгч эмчээр дотрын их эмч Ц.Эрдэнэболор, арга зүйч сувилагчаар Ш.Цолмон нар ажиллаж байна.
Удирдлага мэдээллийн тасгийн бүтцэд хамаарах нэгжүүд нь үйл ажиллагааны чиглэлээр харилцан адилгүй өөр байдаг тул нэгжүүдийн үүсэл хөгжил, үйл ажиллагааг тухайлан авч үзье.
Нэгдсэн эмнэлгийн эмийн сан
1960 онд Р.Цэрэн-Очир эмчийг Ариун цэврийн станц, түргэн тусламжийг хавсран ажилладаг байх үед эмнэлгийн дотоод аптекийг түүнд хариуцуулан энэ үеэс ойр зуурын эм бэлтгэж боож түгээдэг болжээ. Эмнэлгийн дотоод эмийн сангийн харьяалал болон зохион байгуулалт хэдэн удаа өөрчлөгдөж байсан ба 1988-1992 онд аймгийн Эмийн сангуудын удирдах газрын мэдэлд байж ажил үйлдвэрлэл явуулж байв.
Дотоод эмийн сангийн болон усан эм бэлтгэх тасгийг эм зүйч З.Айлаахүү 1976 оноос зохион байгуулж бэлтгэх эм, тарилгын шингэний нэр төрөл, тоо хэмжээг олшруулан сайжруулсан билээ. 1980-аад он гэхэд судсаар хийх зургаан төрлийн, булчинд тарих дөрвөн төрлийн шингэн бэлтгэж өөрийн дотоод хэрэгцээг хангаад зогсохгүй аймгийн төв, хөдөөд үйлчилж ирснээрээ чухал үүрэгтэй байлаа.
Энэ үйл ажиллагаа улам өргөжин тэлж, 1990-ээд оноос эхлэн судсаар сэлбэх 20 гаруй нэр төрлийн тарилгын шингэн, 15 төрлийн усан эм найруулан бэлтгэж, эмнэлгийнхээ тасаг нэгж болон хөдөө орон нутгийн эмнэлэгт олгож байлаа. Тарилгын шингэний тасгийн эрхлэгчээр З.Айлаахүү, Б.Оюун-Эрдэнэ, Б.Отгон-Эрдэнэ, Ж.Нарангэрэл, Х.Гэрэлчимэг, М.Дэлгэрмөрөн зэрэг үе үеийн эм зүйч нар үйл ажиллагааг нь удирдан ажиллаж байсан. Мөн найруулагчаар Я.Должинсүрэн, Д.Цэцгээ, Д.Бадамханд, П.Өлзийжаргал, Л.Жаргал, Б.Саранчимэг, Б.Чимгээ, автоклавчингаар Арилжигмаа, Д.Болдбаатар, Т.Бямбадорж, Ц.Саранцэцэг, шил угаагчаар Р.Баасанжав, Уртнасан, Н.Санжмятав нар олон жил үр бүтээлтэй ажиллаж байв.
2001 оноос Нэгдсэн эмнэлгийн шингэний тасаг “Хөвсгөл эм импекс” компани руу шилжихэд эм найруулагч Д.Бадамханд, шил угаагч Уртнасан нар тус байгууллагад шилжин ажиллаж байгаад “Хөвсгөл эм импекс” компанаас гавьяаныхаа амралтанд гарсан билээ.
Нэгдсэн эмнэлгийн эмийн сангийн нөөцийн тасгийн эрхлэгчээр Я.Должинсүрэн гуай 1976-1978 онд, 1978-1983 онд Д.Цэцэгээ ажиллаж байгаад, 1983-1998 онд С.Чогжиргарваа, 1998 оноос хойш одоог хүртэл Б.Чимгээ эмнэлгийн эмийн сангийн дефактараар ажиллаж, эмнэлгийн эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, эмийн нэр төрлийг олшруулсан байна.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмийн сан нь 2001 оноос эхлэн хэвтэн эмчлүүлэгчдэд клиник эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Анх энэ үйл ажиллагаа эхлэхэд манай эмийн сан М.Дэлгэрмөрөн, С.Чогжиргаваа, Б.Чимгээ, П.Өлзийжаргал, Л.Жаргал, З.Батхишиг, Н.Энхтуяа, Д.Цэцгээ, В.Цэрэнбадам нарын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байлаа.
Эмийн сан нь жилд дунджаар 700 орчим нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авч 12000 гаруй хүнд эмийг хэрхэн зохистой хэрэглэх, эмийн гаж нөлөө, түүнээс хэрхэн сэргийлэх, эмийн харилцан нөлөөлөл, тарилгын эмийн хэлбэрээс зайлсхийх зэрэг сэдвээр мэдээлэл олгон ажиллаж байна. Мөн үүний зэрэгцээ эмчилгээний өндөр идэвхтэй сонгомол үйлдэлтэй нь батлагдсан шинэ эмийг судлан өөрийн эмчилгээний практикт хэрэглэн эмчилгээ үйлчигээний чанарыг сайжруулан ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг татан авалт бүртээ тэдгээрийн чанарт дотоодын хяналт хийж, эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдэд чанарын баталгаатай аюулгүй эмээр үйлчлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Бид бүхэн клиник эмзүйн чиглэлээр буюу эмийн зохистой хэрэглээний хүрээнд эмч нартай хамтран ажиллаж, манай эмнэлгийн нэг хүнд бичсэн эмийн дундаж тоо 6,3 болж улсын дундажтай ойр болж чадсан билээ.
Манай эмийн санд эм зүйч М.Дэлгэрмөрөн (мэргэжлийн ахлах зэрэгтэй), эмийн дефактар Б.Чимгээ (мэргэжлийн ахлах зэрэгтэй), Л.Жаргал (мэргэжлийн ахлах зэрэгтэй), Л.Баттөмөр, З.Лхагва-Эрдэнэ, Т.Эрдэнэ (ахлах зэрэгтэй) нар ажиллаж байгаад 2015 оноос эм зүйч Ө.Амарбаясгалан, Д.Баярмаа, 2017-2018 онд эм зүйч Н.Баттогтох, 2018-2020 онд эм зүйч Р.Баярмаа нар тус хамт олонтой нэгдэн ажиллаж байсан юм.
Бидний дунд буюу эмнэлгийн эмийн санд мэргэжлийн өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй халамжлан хүмүүжүүлэгч эм найруулагч С.Чогжиргарваа, Я.Должинсүрэн, П.Өлзийжаргал, Д.Цэцгээ, Р.Баасанжав нар нь тасралтгүй олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсаныг дурсахад таатай байна.

Одоогийн байдлаар нэгдсэн эмнэлгийн эмийн сан нь эм зүйч Ө.Амарбаясгалан, эмийн дефектар Б.Чимгээ, эм зүйч Д.Ууганчимэг, эм зүйч З.Лхагва-Эрдэнэ, эм олгогч Л.Баттөмөр гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Даатгал, статистикийн хэсэг
2017 оны 10 сараас даатгалын их эмч, статистикч их эмч, даатгалын бага эмч, хавдар бүртгэгч гэсэн дөрвөн хүний орон тоотойгоор ажиллаж эхэлсэн. Тус хэсэг нь эмнэлгийн анхан шатны маягттай холбоотой тушаалыг хэрэгжүүлэх, зөвлөмж өгөх, өвчтөний түүх нээх хаах, эмнэлгийн хэмжээний статистик тоон мэдээллийг цуглуулах, нэгтгэн мэдээлэх, дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хянах, мэдээ тайан гаргах, санхүүжилт нэхэмжлэх зэрэг ажлыг хариуцан ажилладаг.
Тус хэсэг байгуулагдахаас өмнө даатгал ба статистикийн хэсэг тус тусдаа ажиллаж байсан ба даатгалын их эмчээр Д.Лхамсүрэн, С.Баярмаа, Ш.Даваахүү, статистикийн их эмчээр Ж.Сүнжидмаа, Ё.Сүнжидмаа, Б.Дуламжав, Д.Мөнгөнчимэг, З.Эрчмаа, Ш.Даваахүү, Статистикийн бага эмчээр Н.Бадамханд, Дэжид, Н.Цэгмид, П.Сэргэлэн, Даатгалын бага эмч Ч.Жавзандулам нар ажиллаж байжээ.

Одоо бид мэдээллийн технологийн инженер Б.Бүдрагчаа, статистикч их эмч Ш.Даваахүү, даатгалын их эмч С.Баярмаа, Ц.Эрдэнэболор, Б.Жавзанхүү, Ш.Отгонжаргал, даатгалын бага эмч Ш.Цолмон, хавдрын статистикч Н.Лхамцоо нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Цусны салбар төв
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар станц нь 1956.05.01-ны өдөр байгуулагдаж, бага эмчээр Л.Гүмбэн томилогдон донор элсүүлэх хөдөлгөөн өрнүүлж, шаардлагатай үед өвчтөнд шууд аргаар донорын цус сэлбэж байв. 1967 оноос цусны станцын ажлыг мэс заслын эмч Д.Юмхүү хариуцан ажиллаж байв.
1972 оны 1-р сараас Цусны станцын үйл ажиллагаа өргөжиж, их эмчээр Сэсжавын Бадамсамбуу, бага эмчээр Намжилын Цэгмэд, сувилагчаар Бүдбазарын Гаваа нар ажиллаж байжээ. Цусны станцын эрхлэгч их эмчээр Д.Юмхүү, С.Бадамсамбуу, Ч.Зэдбазар, Монгол улсын хүний гавьяат эмч Б.Дамдиндорж, Х.Цэнд-Аюуш, А.Бат-Очир, Т.Дан-Аажав, Монгол улсын хүний гавьяат эмч Д.Шаравдорж нар тус тус ажиллаж байгаад Клиникийн профессор М.Батсайхан 2000 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.
Цусны салбар төвийн бага эмчээр Н.Цэгмэд, Д.Долгоржав, Д.Дэлгэрмөрөн, Д.Эрдэнэцэцэг, С.Отгонтэнгэр нар ажиллаж байсан түүхтэй. Бага эмч Н.Цэгмэд нь 1970 онд Улаанбаатар хотод цус био-бэлдмэлийн институт дээр 45 хоногийн курст суралцсан анхны мэргэжилтний нэг юм. 1984-2012 он хүртэл технологич бага эмчээр Д.Дэлгэрмөрөн тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаад 2012 онд гавьяаныхаа амралтанд гарсан.
М.Батсайхан нь 2005 онд ЭМШУИС-ийн мэргэжил дээшлүүлэх институдэд үйлдвэрлэлийн трансфузиологич их эмчийн мэргэжил олгох курсыг дүүргэсэн. Тэрээр одоо Цусны салбар төвийн эрхлэгчээр, мөн Н.Шүрэнчимэг 2012 оноос, 2017 оноос Э.Мөнхтуяа нар технологич бага эмчээр одоог хүртэл амжилттай ажиллаж байна.

технологич “ахлах” зэргийн бага эмч Н.Шүрэнчимэг, Э.Мөнхтуяа. 2021 он
Цусны банк нь 2007 он хүртэл донорын цусны халдвар илрүүлэх шинжилгээг нэг удаагийн хурдавчилсан оношлуураар хийдэг байсан бол 2008 оноос энзимиммуны аргаар, тэмбүү илрүүлэх шинжилгээг TPHA аргаар үзэж байна. Цусны бүлгийг 2010 оноос моноклон оношлуураар үзэхийн зэрэгцээ резус бүлгийг анти-D, келл бүлгийг 2011 оноос антикелл оношлуураар үзэж байна.
Тус цусны салбар төв нь жилд 350-400 литр цус цусан бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд бэлтгэн нөөцөлж, тасаг нэгжүүдийг ханган ажиллахыг зэрэгцээ сумдын эрүүл мэндийн төвийг цусны аюулгүй ба бэлэн байдлын талаар мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. 2010 оноос эхлэн цус сэлбэлтээр дамждаг халдвар илрүүлэх шинжилгээний чанарын гадаад хяналтанд тогтмол оролцдог боллоо. Мөн 2009 оноос эхлэн цус цусан бүтээгдэхүүний чанарын гадаад хяналтанд амжилттай оролцож байв.
Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд 2017 онд аймгуудын “Жишиг салбар төв” болох төсөл амжилттай хэрэгжин улмаар үйл ажиллагаагаа жигдрүүлэн донор элсүүлэх, хадгалах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах технологиудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай цусны салбар төв нь 2017, 2018, 2019 оны үйл ажиллагаагаараа үндэсний хэмжээнд тэргүүн байранд шалгарч байлаа.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн нь анх 2009 онд мэдээлэл, сургалт, сурталчилгаа хариуцсан сувилагч аргазүйч гэсэн нэршилтэйгээр бий болсон. 2009-2014 онд П.Бямбасүрэн мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан сувилагч арга зүйчээр ажиллаж, эрүүл зан үйл төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа, үндэсний хөтөлбөр стратегийг хариуцсан эмч мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж, орон нутгийн телевизээр нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зөвлөмж, ярилцлагыг дамжуулан ажилласан түүхтэй.
2014-2016 оны 10 сар хүртэл нийгмийн ажилтанаар С.Содномбямба, 2017-2019 онд Г.Уранзаяа, 2019-2021 онд П.Золхүү нар ажиллаж байгаад 2021 оны 8-р сараас эхлэн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Г.Уранзаяа ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь Эрүүл мэндийн газраас нэгдсэн эмнэлэгт зохион байгуулах сургалт, сурталчилгааны үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн тухайн оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулж ажилладаг.
2017 оноос Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар 18 тасаг нэгжүүдэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа хариуцсан сувилагч мэргэжилтнүүдийг томилж, тасаг нэгжүүд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан төлөвлөгөө гарган батлуулж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. 2020 онд “НЭ-МСС-н төлөө хамтдаа пэйж хуудас, НЭ-МСС баг групп чат”-уудыг нээн мэдээллээр ханган ажиллаж байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, судалгаа тандалт хийх, төлөвлөх, үнэлэх, зохион байгуулах зэрэг чиг үүрэг бүхий таван зорилтын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2001 онд “Сэтгэцийн тусламж үйлчилгээ”-ний тасгийн дэргэд “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” өрөөтэй болж сэтгэц, наркологийн эмч нар сэтгэл зүйн зөвлөгөө, засал хийж эхэлсэн. Нийгмийн ажилтан С.Содномбямба иргэдэд зориулсан “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинет байгуулах” төсөл бичиж, “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллага болон хамт олны дэмжлэгээр 2014 оны 5 сарын 19-нд “Сэтгэл зүйн кабинет”-ийг тохижуулан нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болсон.
2020 оны 6 сараас эхлэн Б.Уранбайгаль сэтгэл зүйчээр ажиллаж байна. Сэтгэл зүйн үйлчилгээний зорилго нь үйлчлүүлэгч, тэдний ар гэрт болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино. Одоо сэтгэл зүйн сургалт, сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Архив, бичиг хэргийн хэсэг
Архив, бичиг хэргийн хэсэг нь 2000 оны 4-р сарын 1-нээс Эрүүл мэндийн газраас тусгаарлагдан Нэгдсэн эмнэлэгт харьяалагдан ажиллах болсон байна. Үүнээс хойш бичиг хэргийн ажилтнаар Дэлгэрмөрөн, Д.Өлзийбаяр, Б.Хөвсгөлдалай нар ажиллаж байсан ба 2014 оноос одоог хүртэл бичиг хэргийн ажилтнаар Л.Бямбасүрэн ажиллаж байна. Энэ хугацаанд бичиг хэргийн ажилтан архивын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. 2021 оны 5 дугаар сараас Нэгдсэн эмнэлгийн архивын ажилтны шинэ орон тоо бий болсоноор архивын ажилтанаар Б.Баярмаа томилогдон ажиллаж байна.
Бичиг хэргийн ажилтан нь үйл ажиллагааны чиглэлийн хувьд албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, заавар журмыг хэрэгжүүлэн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган, баримт бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавьж, байгууллагын удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах албан бичиг, акт, гэрээ, дүрэм, журам, заавар, илтгэх хуудас, илтгэл, тайлан, төлөвлөгөө, хурлын тэмдэглэл, удирдамж, тодорхойлолт зэрэг баримт бичгийг зохих заавар стандартын дагуу боловсруулан ажиллаж байна.
Архивын ажилтны үйл ажиллагааны чиглэлийн хувьд архивын талаархи хууль тогтоомж, заавар журмыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүй болон мэдээллээр хангах, байгууллагын архивыг нөхөн бүрдүүлэх, нягтлах шалгах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, тасаг нэгжид хөтлөх хэргийг тодорхой нэр төрөл, асуудлын сэдвээр төрөлжүүлэн, хадгалах хугацаа, хариуцах ажилтны нэрийг заасан хөтлөх хэргийн жагсаалтыг гаргаж, баталгаажуулан ажиллаж байна.
Үүнээс гадна байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч тухайн жилд хамгийн ихээр гардаг архивын баримт нь тасаг нэгжийн өвчний түүх юм. Эргэлтийн хувьд жилд дунджаар 13,5 мянган түүх хэвлэж архивлагддаг байна.
Хуулийн хэсэг Хуулийн зөвлөх нь Удирдлага мэдээллийн тасагт харьяалагдаж, 2011-2015 онд Т.Ууганбаяр, 2020 оны 4-р сараас 2020 оны 6 сар хүртэл Б.Сарантуяа, 2021 оны 6-р сараас 2021 оны 8-р сар хүртэл Б.Баттогтох нар тус тус ажиллаж байсан ба 2021 оны 9-р сараас эхлэн Л.Отгончимэг ажиллаж байна.