Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг
Манай орон ард түмний эрүүлийг хамгаалах салбарын сүүлийн жилүүдийн дотор олсон томоохон ололтын нэг мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн алба үүсч хөгжин салбарын бүх түвшинд тасаг зохион байгуулагдсан явдал юм. 1950-иад оны эхээр хэсгийн болон судасны, маскаар (эфирээр) унтуулах аргыг хэрэглэж мэдээгүйжүүлгийн суурь анх тавигджээ.
1950-1960-иад онд мэдээгүйжүүлэг мэргэжлийн эмчгүй байсан үед ерөнхий мэргэжлийн юмуу аль нэгэн эмч өвчтөний амин үзүүлэлтийг хянаж өвчтөн хагалгаанд ороход унтуулж өгдөг байжээ. Мөн эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд энэ ажилд ихээхэн үүрэгтэй оролцдог байлаа. Эмч Хашбатын Ичинхорлоо больницын ахлах бага эмч байхдаа Юмхүү эмчийн хагалгаанд орох үед маскаар унтуулж байснаа ярьж байна. “Хүн бүл цөөтэй үед төрөхийн яаралтай хүндрэл гарахад эфирээр унтуулах үүргийг асрагч нар гүйцэтгэх нь цөөнгүй байв. Төрөх тасагт эхэс гардах, умайн хөндийг гараар шалгах шаардлага гарахад асрагч Д.Бямбасүрэн, хөдөө дуудлагаар явахад түргэний жолооч Дэмбэрэл нар маскаар унтуулах үүргийг тун сайн гүйцэтгэдэг байсан гэдэг. Тэд мэдээгүйжүүлэг өгч байхдаа өвчтөнийхөө уруул нь хөхөрч байгаа эсэхийг чухалчлан анхаардаг байсан”.
1962 онд Б.Паапуу гуай эмнэлэгт асрагчаар ороод сувилагчийн курсэд явж наркоз өгдөг болжээ. Манай аймагт мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээ 1970-аад оноос жинхэнэ утгаараа хөгжиж ирэв. Их эмч Даваажанцан 1971 онд мэргэжил эзэмшсэн боловч энэ мэргэжлээрээ төдийлөн ажиллаагүй юм.
1973 оноос томилогдсон Ч.Зэдбазар аймагт унтуулах сэхээн амьдруулах чухал бөгөөд шинэ албыг эхлүүлэн хөгжүүлсэн эмч юм. Энэ онд мөн сувилагч Д.Долгор наркозын сувилагчийн мэргэжил эзэмшин хамтран ажиллаж эхэлсэн байна. Их эмч Ц.Баярмагнай сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлгийн нарийн төвөгтэй ажилбаруудыг чадварлаг авьяастай сурцтай хийж гүйцэтгэж байсан байна. Үүнээс хойш мэргэжлийн анестезлогч их эмчээр Х.Цэнд-Аюуш, П.Алтансүх, М.Ганболд, Н.Эрдэнэтуяа, Т.Хажидмаа нар энэ хариуцлагатай ажлыг сайн хийж мэргэжлийн тусламжийг аймагт хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Д.Долгор, П.Сувдаа, Ч.Туяа, Г.Наранцэцэг нар мэс заслын тасагт Ө.Отгончимэг, Эрдэнэ-Оюун төрөх тасагт наркозын сувилагчаар мэргэшин ажиллаж байлаа.
2002 онд анх мэс заслын тасгийн дэргэд дөрвөн ортой сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг байгуулагдаж тасгийн эрхлэгчээр Н.Эрдэнэтуяа ахлах сувилагчаар Ч.Туяа нар ажиллаж байсан. Тэр үед стандартын дагуу ажиллах байр байхгүй байсан тул сэхээний тасгийг хоёр жил ажиллуулаад татан буулгасан.
2011 оны 1 сараас сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн тасаг нэртэйгээр эрчимт эмчилгээний нэг ортойгоор дахин байгуулагдаж тасгийн эрхлэгч эмчээр Н.Эрдэнэтуяа, ахлах сувилагчаар Ч.Туяа нар мөн ажиллаж эхэлсэн түүхтэй. Уг тасаг нь 2-р шатлалын хүрээнд аймгийн хэмжээнд мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, яаралтай тусламж 103-ын үйлчилгээг үзүүлж байжээ.
2013 оны 12 сард аймагт 50 ортой төрөх тасгийн барилга баригдан дуусаж орон байрны хүрэлцээ хангамж сайжирч, Нэгдсэн эмнэлгийн төв байрны 2 давхарт нүүн ирж, эрчимт эмчилгээний таван ортой тасаг болон өргөжлөө. 2014 оны 5 сараас ЭМС-ын тушаалын дагуу яаралтай тусламжийн хэсэг нь бие даасан тасаг болж салснаар мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг нэртэйгээр бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
2017.07.17-нд аймаг орон нутгийг хөгжүүлэх сангаас хөрөнгө нь шийдэгдэж аймагтаа анх удаа гемодиализ эмчилгээг хийж эхлэв. Анхны гемодиализын эмчээр Г.Болортунгалаг, сувилагч Б.Жаргалсайхан, Б.Должинжав, техникч Ч.Дашренчин, Н.Түвшинжаргал нар ажиллаж байна.

Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч нар. 2021 он
(Баруун гар талаас их эмч, клиникийн профессор П.Түмэнжаргал, их эмч Д.Нэргүй, их эмч Г.Болортунгалаг, тасгийн эрхлэгч их эмч Л.Алтанзул, их эмч С.Бямбасүрэн)
Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг нь одоогийн байдлаар эрчимт эмчилгээний зургаан ортой, мэс засал болон төрөх тасагт сэрээх өрөөний тус бүр нэг ортой, гемодиализ эмчилгээний дөрвөн ортой их эмч тав, арга зүйч нэг, өдрийн мэдээгүйжүүлгийн сувилагч нэг, сэрээх өрөөний сувилагч нэг, ээлжийн найман сувилагч, гемодиализын сувилагч нэг, техникч хоёр гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хамт олны дунд клиникийн профессор эмч нэг, мэргэжлийн ахлах зэрэгтэй эмч хоёр, ахлах зэрэгтэй сувилагч зургаа, Монгол улсын анхны клиникийн профессор сувилагч нэг байна.

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нар. 2021 он Эмч сувилагч нар бүгд мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, гемодиализын чиглэлээр мэргэшил олгох болон дээшлүүлэх сургалтанд хамрагдсан 100% мэргэшсэн хамт олон юм. Тасгийн эрхлэгч эмчээр Л.Алтанзул, арга зүйчээр Ц.Ганцэцэг нар ажиллаж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
1. Төрөх, мэс заслын тасгийн төлөвлөгөөт болон яаралтай хагалгааны үеийн мэдээгүйжүүлэг, мэдээгүйжүүлгийн дараах сэрээх хянах үе, хөдөө орон нутаг алслагдсан сумдад амь тэссэн үеийн тусламж, мэдээгүйжүүлэг, гемодиализ эмчилгээний тусламж үйлчилгээ
2. Амь тэнссэн үеийн тусламж, эрчимт эмчилгээ
3. Гемодиализ эмчилгээг хариуцан хийж байна. Гемодиализын хэсэгт гурван аппаратанд 23 өвчтөнийг долоо хоногт гурван удаа авч эмчилж байна.
Манай тасгийн амжилтаас
- 2014 онд Нэгдсэн эмнэлгийн “Тусламж үйлчилгээний шилдэг баг”
- 2015 онд Нэгдсэн эмнэлгийн “Шилдэгийн шилдэг хамт олон”
- 2015 оны “Сувилахуйн шилдэг баг”
- 2016 оны Нэгдсэн эмнэлгийн “Шилдэг хамт олон”
- 2017онд “Шилдэг тасаг”, “Чанарын шилдэг баг”
- 2018 онд “Шилдэгийн шилдэг тасаг”, “Бүтээлч шинийг санаачлагч” тасаг
- 2019 онд “Шилдэг тасаг” 3-р байр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй халдвараас сэргийлэлтийн хяналтын шилдэг тасаг
- 2020 онд “Шилдэг тасаг” 3-р байр тус тус амжилт гарган ажиллаж байна.

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн хамт олон. 2021 он
Тасгийн эрхлэгч эмчээр Н.Эрдэнэтуяа 2002-2004 онд ба 2011 онд, П.Түмэнжаргал 2011-2013 онд, Л.Алтанзул 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчээр Ч.Зэдбазар, Х.Цэнд-Аюуш, П.Алтансүх, М.Ганболд, Н.Эрдэнэтуяа, Т.Хажидмаа, П.Түмэнжаргал (2010 одоог хүртэл), Л.Алтанзул (2011 одоог хүртэл), Д.Нэргүй, Г.Болортунгалаг, С.Бямбасүрэн, Г.Хонгорзул нарын шилдэг эмч нар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байгаа билээ.
Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн үе үеийн хамт олон хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх хариуцлагатай хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж олон эмчлүүлэгчдээ амьдрал бэлэглэсээр байна.