call

7575 3311

icon

Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

Бидэнтэй нэгдээрэй :
button

Цагийн хуваарь

Даваа – Баасан                    8.30 – 17:30 pm
Бямба гариг                           9.00 – 8.00 pm
Ням гариг                             10.00 – 9.00 pm
weblogo002

Холбоо барих

Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг

home
ТАСАГ, НЭГЖ

Дүрс оношилгооны тасаг

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт 1950 онд рентген кабинетад рентген техникч Л.Доржгочоо РУМ-2 аппаратаар анх зураг авч эхэлснээр Хөвсгөл аймгийн дүрс оношилгооны суурь тавигдсан. 1953 оноос рентген кабинет нэртэйгээр орон тоо батлагдан их эмч Д.Аминдаваа рентген харалт хийж эхэлсэн байна.

Дүрс оношилгооны тасгийн зорилго нь орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан аюулгүй чанартай олон улсын стантартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд оршино. Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг жилд дунджаар 110 мянга гаруй хүнд үзүүлж байна.

1991 онд дээрх хэсгүүд лабораторийн хэсэгтэй нэгдэж Үйл оношийн тасаг нэртэй болж эрхлэгчээр нь Ц.Галсандорж 1994 он хүртэл ажиллаж, 1995-2005 онд Х.Чагцалмаа, 2005-2013 онд Ч.Болдбаатар, 2013-2014 онд  Оношзүйн тасаг нэртэй болж тасгийн эрхлэгчээр Д.Оюун, 2015-2017 онд  Ц.Эрдэнэболор, 2017-2018 онд М.Мөнхчулуун, 2018-2020 онд Ч.Цэрэндулам, 2020 оноос Б.Мөнхдалай тус тус ажиллаж байгаа билээ.

Дүрс оношилгооны тасаг аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095-2017 стандартын дагуу үүсгэн байгуулагдан 2015 оны 6-р сарын 1-ээс эхлэн Онош зүйн тасгаас Дүрс оношилгооны бие даасан тасаг болон дөрвөн их эмч, гурван техникч, нэг операторчин, нэг сувилагч, нэг ахлах сувилагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2021 онд Дүрс оношилгооны тасагт нарийн мэргэжлийн дөрвөн их эмч, дөрвөн дүрс оношилгооны техникч, нэг сувилагч, туслах ажилчид ажиллаж байна. Одоо их эмч Б.Мөнхдалай, Д.Дэлгэрмаа, М.Болормаа, М.Мөнхчулуун нар, рентген техникчээр А.Баясгалан, П.Номинзаяа, компьютер томографийн техникчээр Ц.Энх-Учрал, М.Батдэлгэр, дурангийн сувилагч Л.Сувд-Эрдэнэ нар ажиллаж байна.

Дүрс оношилгооны тасгийн хамт олон. 2021 он

Дүрс оношилгооны тасагт ахлах зэргийн сувилагч нэг, АУ-ны магистр нэг ажиллаж байна. Нийт ажилтан албан хаагч нарын 35% нь зэрэг цолтой. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, бүрэн автомат анализаторууд нийлүүлэгдсэнээр орон нутагтаа хийдэггүй байсан шинжилгээ, оношилгоог хийдэг болж гурав дахь шатлалын эмнэлэг рүү явах үйлчлүүлэгчийн урсгалыг бууруулж чадсан.

Бүтэц зохион байгуулалт

Дүрс оношилгооны тасагт таван кабинетаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

1. КТГ: зураг авалтын өрөө, операторын өрөө, хариу бичилтийн өрөө

2. Рентген: Дижитал рентген зураг авалтын өрөө, Дижитал рентген зураг харалтын өрөөТехникчийн удирдлагын өрөө хоёр, үйлчлүүлэгчийн хувцас солих өрөө                            

3. Дуран: Улаанхоолой, ходоодны дурангийн өрөө, бүдүүн шулуун гэдэс дурандах өрөө, дурангийн угаалгын өрөө                                           

4. ЭХО-ний өрөө: ЭХО хоёр өрөө (амбулатори, тасаг, яаралтай өвчтөн харах)

5. Бусад өрөө: Техникч нарын хувцас солих өрөө, агуулах, 00 өрөө хоёр

Шинжилгээ хийх орчин нөхцлийг стандартын дагуу бүрдүүлсэн. Тухайлбал рентген туяаны хамгаалалтыг дижитал рентген зураг авалтын өрөөнд байршуулж, цахилгааны эх үүсвэрийг бүрэн хангалааГэрэлтүүлэг, агааржуулалт, дуу чимээ, эмч, ажилчдын хувцас солих, амрах өрөөний зохион байгуулалтыг тус тусад нь хийсэн билээ.

Дүрс оношилгооны тасгийн рентген харалт, дижитал рентген, КТГ, Гэмтлийн тасгийн С arm аппарат, шүдний рентген, халдвартын тасгийн зөөврийн рентгенд Рентген төхөөрөмжтэй ажилладаг эмч, мэргэжилтэн болон  оношилгооны үед үйлчлүүлж буй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан  хувийн хамгаалах хэрэгсэл (хормогч, бээлий, бамбайн хамгаалалт, нүдний шил)-ээр ханган, цацрагаас хамгаалан ажиллаж байгаа юм.

Рентген оношилгоо

Нэгдсэн эмнэлгийн рентген кабинет 1950 онд рентген техникч Л.Доржгочоо РУМ-2 аппаратаар зураг авч эхэлснээр рентген оношилгооны суурь тавигдсан. 1953 оноос рентген кабинет нэртэйгээр орон тоо батлагдан их эмч Д.Аминдаваа рентген харалт хийж эхэлсэн байна. 1959, 1960 оны үед ЗХУ-ын сүрьеэ, арьс өнгөний өвчинтэй тэмцэх бригад ирж аймгийн бүх хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг хийх үед рентген техникчийн курсийг Л.Бярзана, Сандаг нар дүүргэж РУМ-4, нарийн плёнканы Ф-55 зэрэг аппарат дээр ажиллаж эхэлсэн. Дараа нь П.Хасбазар ажилласан. 1960 онд улсын төв эмнэлэгт ажиллаж байсан УРД-110 аппаратыг хүүхдийн больницын урд байсан ганц дан цагаан байшинд байрлуулан ашиглалтанд оруулж анхны их эмчээр Мөнхөө ажиллаж байлаа.1965 онд их эмч Ч.Баасанлхүндэв рентгений эмчийн мэргэжил дээшлүүлж ирээд 1983 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

  • 1971 онд ЗХУ-ын ТЭЗ-ийн тусламжтай шинэ нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орж РУМ-20 аппарат шинээр тавьсан.
  • 1959 оноос РУМ-4, 5, Ф-551960 оноос РУМ-10 1971 оноос РУМ-20 аппаратаар оношилгоо хийж байгаад 2000 онд Итали улсын Симлони-2000 рентген аппарат тавьж технологийн шинэчлэлт хийж оношилгоог улсын клиникийн эмнэлгийн түвшинд хийдэг болсон.
  • 2008 онд Япон “Тошиба” фирмийн рентген аппарат суурилуулж ангиографийн шинжилгээг шинээр хийж эхэлсэн.
  • 2014 онд Солонгосын рентген дижитал аппарат суурилагдаж оношилгооны чанар үр дүнд дэвшил гарсан.
  • 2014 онд Солонгос улсын Шүдний дэлгэмэл рентген (“Papaya” маркийн)
  • 2020 онд дижитал рентген харалт сууриулсан.

Тус кабинетэд 1950-иад оны сүүлээс эхлэн Н.Мөнхөө, Н.Равдан, Д.Навааншарав, Насантогтох, Д.Пүрэвдорж, Ч.Баасанлхүндэв, Ж.Батбуян, Ц.Галсандорж нарын их эмч нар ажиллаж байв.

1959 оны 5 ба 8 дугаар сард Улаанбаатарт сүрьеэ илрүүлэх үзлэгийг 120000 хүнд зохих шинжилгээтэйгээр хийж, дараа нь бүх аймгуудад явсан отрядын тайлангаас үзэхэд идэвхитэй сүрьеэгийн өвчлөл 3.5 хувьтай гарч байжээ. 1959 онд сүрьеэгийн анхны мэргэжлийн эмч нарыг бэлтгэж 30 хүн төгссөний  дотор их эмч Дорж, Б.Должин нар манай аймагт ирж ажиллаж байв. Сүрьеэг эсэргүүцэх отряд мөн 1958-1960 онуудад аймаг даяар өрнөж, бүх хүмүүст үзлэг шинжилгээ хийж, өвчтнийг аймагт идэвхитэй аргаар эмчлэх болсноор өвчлөл, нас баралтыг тууштай бууруулсан байдаг. Отрядад Елена Тимофеевна, Маргарита Андреевна нарын Зөвлөлтийн мэргэжилтнүүд манай эмч мэргэжилтнүүдтэй идэвхитэй хамтран ажиллаж байжээ.

Рентген техникчээр Л.Доржгочоо, Л.Бярзана, П.Хасбазар, С.Нарантуяа, Төмөр, Сайнноров, Сандаг, Энхболд, Цэнгэл, Янжмаа, П.Мөнхсайхан, Г.Отгонням, Д.Ганцоож, Б.Оюунцэцэг, С.Сарантуяа, Л.Нямдэлгэр нар ажиллаж байв.

Sаmsung маркийн аппарат нь нэг сая пикселийн CCD камераар өндөр нарийвчлалтай дүрс боловсруулах бөгөөд олон байрлалын тохируулгатай тул биеийн аль ч хэсгийн дүрс оношилгоог хийнэ. Түүнчлэн хоол боловсруулах эрхтний тогтолцооны эмгэгийг өндөр түвшинд оношлох боломжтой. Одоо рентген техникчээр А.Баясгалан, М.Батдэлгэр нар ажиллаж байна.

2019 онд 160 сая төгрөгийн өртөгтэй CRM аппаратыг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хийх бүрэн боломжтой болсон. C-ARM рентген аппаратыг хагалгааны үед ашигласнаар өвчтөний оношилгоо, эмчилгээнд бодит үр дүнг өгч, мэс заслын эмч рентген харалтын дор хагалгаа хийх боломжтой болжээ. Рентген харалтын аппартын хүчин чадал муудаж үйлчлүүлэгчийг цацраг туяагаар удаан шарах эрсдлийг бууруулан 2020 оны 7-р сард БНХАУ-д үйлдвэрлэгдсэн COLLIMATOR XSQ20 загварын дижитал рентген аппаратыг суурилуулсан.

Дох, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх төслийн хүрээнд Глобал сангийн санхүүжилтээр 10 ширхэг зөөврийн дижитал рентген төхөөрөмжийг 2018 онд аймагт хүлээлгэн өгсөн. Тус аппаратын онцлог нь зөвхөн цээжний хөндий, уушиг хараад зогсохгүй бүх төрлийн гэрлийн оношилгоог хийх боломжтой багаж юм. Өдөрт 200 хүнд үзлэг хийх хүчин чадалтай ажээ.

2019 онд “Сүрьеэгүй Монгол” хөтөлбөрийн хүрээнд эрт илрүүлэгийн аянд сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, идэвхтэй эрт илрүүлэгийг сайжруулж, сүрьеэгийн хавьтал илрүүлгийн ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн 24 сум, 17 багт давхардсан тоогоор 21000 гаруй хүнийг рентген оношилгоонд хамруулан, 323 сэжигтэй тохиолдлоос 24 хүнд шинээр сүрьеэ илрүүлсэн.

Хэт авиа оношилгоо

Анх 1985 онд их эмч А.Бат-Очир эхо, дурангийн оношилгооны мэргэжил эзэмшин цуллаг эрхтэнүүдийг харж уян дурангаар улаан хоолой, ходоод, цагаан мөгөөрсөн хоолой зэргийг харж эмгэгийг нь оношилж байсан.

Чанд оношилгооны эмчээр 1995 онд дэд доктор Д.Баттогтох жил гаруй ажилласан юм. Сувилагчаар нь П.Баясгалан, Д.Нарантуяа нар ажиллаж байлаа. Дараа нь дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн их эмч АУ-ны магистр, клиникийн профессор Я.Должинсүрэн 2014 хүртэл ажиллаж, дараа нь З.Хорлоо, 2015-2017 онд Дүрс оношилгооны эмч Ц.Эрдэнэболор нар ажиллаж байв. 2015 оноос Дүрс оношилгооны их эмч М.Мөнхчулуун, Д.Дэлгэрмаа, 2019 оноос М.Болормаа, Б.Мөнхдалай нар ажиллаж байна.

Дурангийн оношилгоо

Дуран оношилгооны анхны их эмчээр А.Бат-Очир 1985 оноос ажиллаж байв. Япон улсын “Олимпус”’ фирмийн уян дурангаар улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн гэдэсний эмгэгийг оношилж эхэлсэн байна. 2000 оноос их эмчээр Ч.Болдбаатар, сувилагчаар Л.Энхтуяа нар ажиллаж байсан ба Л.Сувд-Эрдэнэ дурангийн сувилагчаар одоог хүртэл ажиллаж байна. 2000 оноос Япон улсын Fintax фирмийн гастрофиброскопия, бронхоскопия оношилгоо хийж байсан. 2008 онд дижитал видео эндоскопия Fujinon-2000  суурилуулж гастрофиброскопия, колоноскопия , биопси хийж үйлчилж байна.

Компьютер томографи

2014 онд Герман улсын Siemens 16 зүслэгтэй компьютер томографийн аппаратыг суурилуулж нарийн мэргэжлийн оношилгоог аймагтаа хийдэг болсон нь дүрслэл оношилгооны томоохон дэвшил болсон юм. Компьютер томографийн эмчээр Ч.Болдбаатар, анхны техникчээр Ц.Учрал суралцаж төгсөн ажиллаж байлаа. 2018 онд техникч М.Батдэлгэр КТГ-ийн техникчийн мэргэжил олгох курсыг төгсөн ажиллаж байна.

Гадаад хамтын ажиллагаа

Япон, Монголын эмч нар хамтран ажиллав

“Хөвсгөл аймгийн Хүн амын дунд хеликобактерийн халдварын шалтгаант хавдрын урьдал эмгэгийг тодорхойлох” чиглэлээр Монгол Японы хамтарсан эмч нарын баг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2015 онд 5 хоногийн хугацаатай ажиллаа. Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан АУ-ны доктор Х.Оюунцэцэг, доктор А.Энх-Амар, докторант Б.Гантуяа, Япон улсын Оита их сургуулийн профессор Яамаока, профессор Мацухиса болон Ниппон их сургуулийн сувилагч нарт болон Аймгийн НЭ-ийн Дүрс оношилгоо тасгийн дурангийн эмч Болдбаатар, сувилагч Сувд-Эрдэнэ нар ажиллалаа.

БНСУ-ын Тежон хотын Согу дүүргийн эмнэлгийн хамтын ажиллагаа

Хөвсгөл аймаг, БНСУ-ын Тежон хотын Согу дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд Аймгийн ЗДТГ, ИТХ, ЭМГ, Аймгийн НЭ хамтран зохион байгуулж, 2017 оны 8-р сарын 1-ээс 3-ны хооронд хоёр өдөр хагасын хугацаанд дотор, уламжлалт, чих хамар хоолой, шүд, гэмтэл, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл аймгийн 1747 иргэнд үзлэг оношилгоо хийж хамтарч ажилласан.

Аймгийн Засаг даргын урилгаар Солонгос улсын Чусон эмнэлгийн эмч нарын баг манай нэгдсэн эмнэлэгт ажиллахаар хүрэлцэн ирсэн. Мэс засал, бөөр, цээжний зураг, нүд, чих хамар хоолой, гоо сайхан зэрэг мэргэжлийн эмч нарын 40 хүний бүрэлдэхүүнтэй баг 2015 оны 6-р сарын 12, 13-ны өдрүүдэд ажилласан. Аймгийн НЭ-ийн зүгээс Чусон их сургууль, эмнэлэгтэй хамтран мэргэжил дээшлүүлэх сургалт, шаардлагатай өвчтөнүүдийг Солонгос улсад эмчлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсон.

БНСУ-д мэргэжлийн сургалтанд чих хамар хоолойн эмч М.Үүрийнбаяр, дүрс оношилгооны эмч Ч.Болдбаатар, лабораторийн эмч Ч.Цэрэндулам нар хамрагдсан. Дараа нь 2017 онд Солонгос улсын Их сургуулийн эмнэлэгт IDEN хөтөлбөрийн хүрээнд дурангийн эмч Ч.Болдбаатарыг Солонгос улсад дурангийн гардан үйлдлийн сургалтанд тус тус хамруулсан.

Тасгийн үйл ажиллагааны ололттой тал

Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, бүрэн автомат анализаторууд нийлүүлэгдсэнээр орон нутагтаа хийдэггүй байсан шинжилгээ, оношилгоог хийдэг болж, гурав дахь шатлалын эмнэлэг рүү явах үйлчлүүлэгчийн урсгалыг бууруулж чадсан.

Хамт олны амжилт

  • 2005 он “Шилдэг тасаг”             
  • 2010 он “Шилдэг тасаг”,  2010 он “Ёс зүйг дээдлэгч”
  • 2016 он “Шилдэг чанарын баг”
  • 2018 он “Шилдэг тасаг-3”
  • 2016 онд Төрийн соёрхолт ардын эмч Р.Пүрвээгийн нэрэмжит шагнал болох “Радиологийн нийгэмлэгийн оны шилдэг эмч”-ээр дүрс оношилгооны эмч Ч.Болдбаатар
  • 2019 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Ч.Болдбаатар эмч
  • 2019 онд Онош зүй тасаг “Шилдэг тасаг”
  • 2019 оны Шилдэг тусгай мэргэжилтэнээр тасгийн рентген техникч  А.Баясгалан тус тус шалгарч шагнуулсан.

PACS систем

Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол улсын Эрүүл мэндийн яам төвлөрсөн PACS буюу Дүрсийг дамжуулан хадгалах төвлөрсөн системийг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд эхлэн суурилуулж дууссан.

Дүрс оношилгооны шинжилгээнүүдийн өндөр хурдны PACS-ын систем болон дээр дурьдсан өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг ашигласнаар дүрс оношилгоог орчин үеийн түвшинд хийх боломж нэмэгдэж, эмч, техникч, үйлчлүүлэгч нарт цацрагийн бага ачаалалтай нөхцөл бүрдүүлж, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд багагүй хувь нэмэр оруулж байна.

Төвлөрсөн PACS буюу дүрсийг дамжуулан хадгалах төвлөрсөн систем гэдэг нь рентеген, СТ, эхо гэх мэт аппаратаар авсан дүрс оношилгооны зургуудыг Улсын дата төвд дамжуулан хадгалах систем юм. Энэхүү хадгалсан мэдээллийг эрх олгогдсон нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч өндөр хүчин чадалтай технологи бүхий ворк-сташионоор үзэж, дүгнэлт оношийг түргэн хугацаанд өгөх боломж бүрдүүлсэн юм. ​

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр ханган эмнэлгийн мэргэжилтний мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх суурь бааз бүхий хоёр дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх.

ЦАГИЙН ХУВААРЬ
  • Weekdays 9:00 - 20:00
  • Friday 9:00 - 20:00
  • Saturday 10:00 - 18:00
  • Sunday Closed
ХОЛБОО БАРИХ

© Copyright 2023 Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.