
Чанар аюулгүй байдал, халдвараас сэргийлэх хяналтын алба
- 2000-2012 он. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын алба нь анх 2000 оны 8-р сард Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 155 тоот тушаалаар чанарын менежер гэсэн орон тоотойгоор үүсгэн байгуулагджээ. “Эмч хийж байгаад чанарын менежер гэсэн албан тушаал хашиж эхлэхдээ юу хийхээ мэдэхгүй, тусдаа өрөөгүй, ширээ сандалгүй эмчилгээ эрхэлсэн орлогч М.Батсайхан даргын өрөөнд ганц тушаал барьчихсан хүн 5 хоног байж билээ. Яг энэ үед чанарын менежерүүдийн сургалт Улаанбаатар хотод болж ажлын зүг чигээ олоход минь их тус болсондоо. Мөн энэ намартаа Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Пүрэвээ чанарын алба анх үүсгэж байгаа миний бие болоод тасгийн эрхлэгч нараа аваад улсдаа үйл ажиллагаагаараа тэргүүний гэгдэж байсан Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэг, Дархан, Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгүүдийн туршлага судалж ирсэн нь онцгой ач холбогдолтой болж бидний нүдийг нээсэн ажил болж байсан. Ер нь бид энэ эмнэлгүүдийн жишгээр нэг хэсэгтээ л ажиллаж байсан гэхэд болно доо” гэж анхны чанарын албаны дарга Б.Энхбилэг дурсан ярьжээ.
Тэрээр чанарын менежерийн сургалтанд явж, туршлага судалж ирээд тасаг бүрт чанарын комиссуудтай болж, анхны чанарын удирдлагын тогтолцоог бий болгосон. Чанарын албанд анхны баг болж чанар хариуцаж байсан тухайн үеийн эмч мэргэжилтнүүдээр Н.Эрдэнэтуяа, Ц.Одгэрэл, Г.Оюунчимэг, Ш.Оюунчимэг, Р.Нямаа, Д.Оюун, С.Нагааранз, Б.Буяндэлгэр, П.Уртнасан, Г.Наранчулуун, Ариунтуяа нар байлаа.
2010 онд чанарын албаны дарга Б.Энхбилэг, чанарын менежер Б.Уянзаяа, сувилахуйн албаны дарга Г.Амаржаргал, эмгэг судлаач эмч Ж.Мөнхбаяр, эм зүйч М.Дэлгэрмөрөн, статистикч эмч Ш.Даваахүү, халдвар судлагч эмч Х.Хонгорзул, тасаг бүр Ю.Энхжаргал, Б.Оргилсайхан, Д.Оюун, М.Доржпагма, Т.Ренчинмядаг, Ж.Мягмарнаран, Д.Оюунгэрэл, Ч.Саранцэцэг, Ж.Наранчулуун, Д.Мөнхзул, Д.Лхагвачулуун, Д.Наранцэцэг, Л.Жавзандулам гэсэн мэргэжилтнүүдээр ахлуулсан 3-5 хүний бүрэлдэхүүнтэй чанарын баг ажиллаж байв. Нэгдсэн эмнэлгийн чанарын багт тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Энхбилэг, ахлах зэрэгтэй Ю.Энхжаргал, Ж.Наранчулуун, Д.Лхагвачулуун, Д.Мөнхзул, М.Дэлгэрмөрөн зэрэг эмч мэргэжилтэн ажиллаж байв.
2012 оны 1-р сарын 23-наас Чанарын албаны даргаар Ө.Отгонцэрэн, чанарын менежерээр Л.Жавзандулам нарыг тус тус томилон ажиллуулсан бөгөөд тэд 2013 оны 7-р сарын 1 хүртэл ажилласан.
Нэгдсэн эмнэлгийн чанарын албыг 2012 онд орон тооны хоёр, орон тооны бус 20 гишүүнтэйгээр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаад Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар чанарын албаны зарим бүрэлдэхүүнийг өөрчлөн баталж, үйл ажиллагаа явуулсан. Чанарын албаны бүрэлдэхүүнд тасаг, нэгж бүрт “Чанарын баг” байгуулагдсан түүхтэй.
2013-2017 он. Монгол Улсын шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Чанарын албаны дүрэм” батлагдсантай холбогдуулан 2013 оны 10-р сараас эхлэн Чанарын албаны гишүүд орон тооны болон орон тооны бус гишүүдтэй болж өргөжин ажиллаж эхэлсэн. Ингээд орон тооны гишүүд болох Чанарын албаны даргаар Б.Мөнхдалай, Чанарын албаны менежерээр М.Жавзандулам нар 2017 он хүртэл ажиллав.
Орон тооны бус гишүүдээр тухайн үеийн Параклиник эрхэлсэн орлогч дарга Г.Оюунжаргал, Сувилахуйн албаны дарга Г.Амаржаргал, Эмгэг судлаач эмч Ж.Мөнхбаяр, Тархвар судлаач эмч Д.Оюунчимэг, Статистикч их эмч Ш.Даваахүү, Эм зүйч М.Дэлгэрмөрөн, Эрүүл мэндийн даатгалын эмч С.Баярмаа нар ажиллах болжээ.
Дээр дурьдсан чанарын багийн зорилт нь тасаг бүрт 2-3 хүнээс бүрдсэн бүлгэм бий болгож, чанарыг сайжруулах үйл ажиллагаа явуулж, тулгамдсан асуудлыг тодорхойлон шинэ санаа, санаачилга гаргахад чиглэгдэж байлаа. Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн салбарын хариуцлага, хяналтыг сайжруулах зорилгоор салбарын хэмжээнд 2013 оныг “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил” болгон зарлажээ. Ингэснээр эрүүл мэндийн ажиллагсдын хариуцлагыг дээшлүүлж, хяналтын тогтолцоог сайжруулснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад тодорхой хувь нэмрээ оруулан ажилласан байна.
2017-2021 он. 2017 онд Чанарын алба дахин шинэчлэгдэн байгуулагдаж, Чанарын албаны даргаар Ц.Эрдэнэболор, чанарын менежерээр Т.Мөнхцэцэг нар ажиллаж байлаа.
2020 онд дээд шатны удирдах байгууллагаас “Чанар аюулгүй байдлын албаны дүрэм батлах тухай” тушаал шийдвэр гарч, Чанар аюулгүй байдал, дотоод хяналтын алба нэртэйгээр зохион байгуулагдан албаны даргаар Ц.Эрдэнэболор, чанарын менежерээр Т.Мөнхцэцэг нар улиран ажиллаж, эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежерээр Н.Амарбаясгалан, дотоод хяналтын мэргэжилтнээр О.Түмэнхүү нарын хамт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллав.
2021 оны 2-р сараас ЧАБДХА-ны даргаар О.Түмэнхүү, чанарын менежерээр Т.Мөнхцэцэг, эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежерээр Н.Амарбаясгалан, дотоод хяналтын мэргэжилтнээр Ж.Нямжаргал нар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 9-р сараас Чанар аюулгүй байдал, халдвараас сэргийлэх хяналтын алба нэртэйгээр шинэчлэн зохион байгуулагджээ. Бүтцийн шинэчлэлийн хүрээнд Чанар аюулгүй байдал, халдвараас сэргийлэх хяналтын албаны даргаар Г.Мөнхтүвшин, Эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежерээр Н.Амарбаясгалан, Чанарын менежерээр Т.Мөнхцэцэг нар тус тус ажиллаж байна.
Чанар аюулгүй байдал, халдвараас сэргийлэх хяналтын
албаны даргын блиц анкет
Овог нэр | Ганзоригийн Мөнхтүвшин |
Төрсөн газар, төрсөн он | Ховд аймаг Чандмань сум, 1996 он |
Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил | 2001-2012 онд Ховд аймгийн Чандмань сумын 10 жилийн дунд сургууль2012-2018 онд АШУҮИС, хүний их эмч2018-2020 онд АШУҮИС, эх барих эмэгтэйчүүдийн резидент эмч |
Мэргэжил дээшлүүлсэн байдал | 2020 онд АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгооны мэргэжил дээшлүүлэх курс |
Мэргэжлийн цол, зэрэг | Анагаах ухааны бакалавр |
Ажлын туршлага | 2012 онд Азифарм эмийн сангийн орон нутаг хариуцсан менежер2018-2020 онд Ховд аймгийн Чандмань сумын эмнэлэгт их эмч2020-2021 онд Фамили медикал эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмч2021 оны 9-р сараас Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чанар аюулгүй байдал, халдвараас сэргийлэх албаны дарга |
Гавьяа шагнал | 2016 онд ЭМЯ-ны хүндэт жуух бичиг2021 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан |
Улсад ажилласан жил | 4 |
Чанар аюулгүй байдал халдвараас сэргийлэх хяналтын албаны Эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежер Нямаабазар овогтой Амарбаясгалан нь 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Н.Амарбаясгалан нь “Ач” АУИС-ийн эмчилгээний ангийг Хүний их эмчээр төгсөөд “Дэлгэрмөрөн” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 6 жил ажиллаж байгаад 2017-2019 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Дотрын үндсэн мэргэжлийн резидентийн сургалтанд хамрагдаж дотрын үндсэн мэргэжил эзэмшсэн. Мөн 2020-2021 онд “Глобал удирдагч” их сургуулийг Эрүүл мэндийн удирдлага мэргэжлээр төгссөн. Улсад нийт 10 жил ажиллаж байна. Анагаах ухааны магистр цолтой.
Тэрээр 2020 оноос Хөвсгөл нэгдсэн эмнэлгийн чанар аюулгүй байдал, дотоод хяналтын албаны эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежерээр ажиллах хугацаандаа үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, эрсдэлийг үнэлэх болон эрэмбэлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, дэвшилтэт санаачлагыг дэмжих, нэвтрүүлэх, хяналт үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, сургалтанд хамрагдах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилт тавин ажиллаж байна.
Чанар аюулгүй байдал, халдвараас сэргийлэх хяналтын албаны Чанар аюулгүй байдал хариуцсан менежер Төмөрбаатар овогтой Мөнхцэцэг нь 1988 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийг хүний их эмч, 2014-2016 онд АШУҮИС дотрын резидент эмч, мөн 2019 онд Улсын 1-р төв эмнэлэгт гемодиализийн нарийн мэргэжлээр төгссөн. Улсад нийт 10 жил ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанар аюулгүй байдал дотоод хяналтын албаны эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежерээр ажиллахдаа үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, эрсдэлийг үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэвшилтэт санаачлагыг дэмжин нэвтрүүлэх, хяналт үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, сургалтанд хамрагдах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Бид “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дээдэлж, эмч эмнэлгийн ажилтнаа эрсдлээс сэргийлсэн тусламж үйлчилгээг төлөвшүүлье” гэсэн зорилготой бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд эмчилгээ, оношилгооны стандарт, эмнэлзүйн удирдамжийг мөрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэх, тохиолдлоос суралцах, ижил мэргэжилтний үнэлгээг эрчимжүүлэх, үйлчлүүлэгчийн өргөдөл гомдол санал хүсэлтийг шийдвэрлэх, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Мөн манай алба нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад болон үйлчлүүлэгчид ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх талд анхаарч ажиллахын зэрэгцээ сэтгэл ханамжийн судалгаа авч, иргэдийн санал хүсэлтийг шуурхай барагдуулан дүгнэлт хийж ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 10 жилийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг хувиар илэрхийлэн харуулбал:
Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд чанар сайжруулах 10 аргыг хэрэглэхийн зэрэгцээ, үйл ажиллагааг явуулж хэвшсэнээр тасаг нэгж өөрийн үйл ажиллагаагаа үнэлж, алдаа дутагдлаа илрүүлэн засаж сайжруулах төлөвлөгөө боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэх арга барилд суралцан ажиллаж байна.
Стандартыг мөрдүүлж хэвшүүлэхийн тулд чанарын аян, болзолт уралдаан зарлах, стандартжуулах, журам, заавар гаргаж мөрдүүлэх, тохиолдол бүртгэх, тасгийн чанарын багийн ажлыг тусгай шалгуур үзүүлэлтээр үнэлэх, номинацад нэр дэвшүүлж шалгаруулах зэрэг олон төрлийн ажил зохион байгуулж, тасаг нэгж хувь хүнийг идэвхижүүлэн ажиллаж байдаг билээ.
Стандарт удирдамжийн боловсруулалтыг сайжруулах чиглэлээр 2020 оноос эмнэлгийн тусламж үйлчилгээнд MNS стандарт 304, түгээмэл үйлдлийн стандарт MNS 4621:2008-ээс 156, эмнэлзүйн удирдамж 126, Цусны салбар төвд 22 стандарт ажиллагааны зааварчилгаа, мөрдөх 101 стандарт ажиллагааны зааварчилгаа мөрдөн ажиллаж байна. Дүрс оношилгооны тасагт Рентген зураг авах үйлдлийн 26, КТГ-д зураг авах үйлдлийн 10 стандарт ажиллагааны зааварчилгаа шинээр боловсруулан хянаж байна.
Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлж, чанарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийн мөрдөлтийг сайжруулах, чанарын баталгааг хангасан үйлчилгээг нэвтрүүлэх, эмнэлгийн ээлтэй орчин бүрдүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай хүргэх гэсэн 6 зорилт 40 заалттай хэрэгжүүлж, төлөвлөгөөний биелэлт 97.9%, тасаг нэгжийн төлөвлөгөөний биелэлт 94%-тай байна.
Аймгуудын Нэгдсэн эмнэлгийн тасаг, нэгжүүдийн хэмжээнд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, бүтэц үйл ажиллагааны стандартын шалгуурыг амжилттай биелүүлж, 2002 онд улсын хэмжээнд анхны “Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг”-ийн болзлыг хангаж, 2004, 2010, 2014 онд тус бүр 3 жилээр, 2017 ба 2020 онд тус бүр 4 жилээр магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болон үйл ажиллагаагаа чанаржуулан ажиллаж байгаа билээ.
2005 оноос эхлэн сүүлийн 5-10 жилийн үзүүлэлтийг багтаасан хүний нөөц, санхүү, эрүүл мэндийн статистик үзүүлэлт, эмийн мэдээлэл, тоног техөөрөмжийн хангалт зэргээр мэдээллийн сан бүрдүүлэн жил бүр баяжуулан ажиллаж байна.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчлүүлэгчийг зөв таних, үр дүнтэй харилцааг бий болгох, өндөр эрсдэлтэй эмийн хэрэглээг сайжруулах, буруу талбайд, буруу ажилбар, буруу мэс ажилбар хийхээс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах, үйлчлүүлэгч унах эрсдэлээс сэргийлэх гэсэн 6 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
2020 онд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах түр зааврыг баталсан. Уг зааварт үйлчлүүлэгчийг зөв таних, үр дүнтэй харилцаа, үйлчлүүлэгчийн унах эрсдэлээс сэргийлэх зорилтуудыг хавсралтаар журамлаж, хэрэгжүүлэн ажиллав. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор аюулгүй байдлын хяналт үнэлгээ хийх, тохиолдол бүртгэх судалгаа хийх, эрсдэлийг бууруулах менежментийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Цагийн хуваарь

Холбоо барих
Утас: 7575 3311
Имэйл хаяг: khuvsgulnegdsen@gmail.com
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Нэгдсэн эмнэлэг